ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурцын бусдыг тагнаж чагнасан гэх хэргийг хүчингүй болгох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-25

“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон бичлэгийн хэсэг  олон нийтийн сүлжээнд таван жилийн өмнө цацагдаж дуулиан тарьсан. Тэгвэл энэхүү бичлэгийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц нэр бүхий улстөрчийн даалгавраар гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор олж авч цацсан гэдэг нь олонд ил болсон билээ. Тодруулбал, Б.Хурц тагнуулын алба хаагч нарт даалгавар өгөн, “Херо” энтертайментийн студийн байранд тусгай ажиллагаа явуулахдаа хуулж авсан бичлэгээ олон нийтэд цацсан нь тодорхой болсон. Мөн найруулагч Б.Баатарыг өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан бичлэгийг ч мөн хууль бусаар тагнаж чагнахдаа олж авсан гэдэг.

Улмаар найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Хурцад холбогдох бусдыг тагнаж чагнасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа гэх.

Учир нь Б.Хурц С.Зориг агсны хэрэгт ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаахдаа хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс гурван жилийн ял сонсоод байлаа. 2019 оноос хойш зургаан удаа хойшилж, хоёр жил гацсан уг хэргийг хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард хэлэлцэхдээ гурван жилийн ялыг нь 1.6 болгон бууруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ял оноосон гэх нэртэй ч ял завшуулаад өнгөрсөн. Тэгвэл нэгэнт шүүхээс ял авчихсан учраас Б.Хурц хэн нэгний ажил амьдрал, уран бүтээлийн замд нь асар том саад учруулж бусдыг тагнасан бичлэг задалсныхаа төлөө нэг сарын хорих ял байтугай, 1.000.000 төгрөг ч төлөхгүйгээр хэргээс мултарч буй бололтой.

Харин оролцсон хүмүүсийнхээ бичлэгийг хууль бусаар задалдаг, зардаг гэх муу нэр зүүсэн найруулагч Б.Баатар нэр хүнд, уран бүтээлээрээ хохироод үлдэж байна. “Херо” энтертайментийн найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсандаа өмнө нь энэхүү хэргийн талаар байр сууриа илэрхийлж байсныг уншигч та санаж буй биз.

Тодруулбал,  “Уран бүтээлчийн хувьд ч, хувь хүний хувьд ч "бусдын бичлэг тараадаг" гэх хэлмэгдлээс ангижрах гэж долоон жил тэмцэж өнөөдрийг хүрлээ. Нэг хэлмэгдлээс нөгөө хэлмэгдэл рүү мушгин улстөржүүлэх гэж оролдох юм. Үнэн ялдаг л юм байна. Гэхдээ манай хамт олноос долоон жил их золиос, доромжлолыг тэвчих тэвчээр шаардлаа. Энэ хэцүү цаг үед надад итгэх итгэлээ алдаагүй дэмжсэн бүхэндээ баярлалаа!” хэмээж байлаа.

Харамсалтай нь “Херо” энтэртайнментийн залуусын долоон жилийн тэмцэл ямар ч үр дүнгүй болж, Б.Хурц ял завшсанаар энэ хэрэг хаагдах нь ээ.