МУСГЗ, зураач Д.Эрдэнэбилэг агсаны сүүлийн томоохон бүтээл болох Хэнтий аймгийн нутагт баригдаж буй “Андлалын хөшөө”-г өнөөдөр буулгаж байгаа билээ. Учир нь тус бүтээн байгуулалтыг иргэд сошиал орчинд элдвээр шоглож, матарлаж, хэлбэр дүрсийг нь өөрчилж шоглож байгаа нь талийгаачийн ар гэрт хүндээр туссан учраас энэхүү бүтээлийг ашиглуулахгүй гэдгээ ар гэрийнхэн нь мэдэгдэж, шүүхэд хандсан аж.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар зураг төслөөс нь тэс өөрөөр бүтээлийг чанаргүй хийсэн Хос санаа компаниас улсад учруулсан хохирлыг нь эргэн нэхэмжилж, 1.8 тэрбум төгрөгийг Сангийн яамны дансанд буцаан төлүүлсэн байдаг. Улмаар тус компани өөрөө хариуцлагаа хүлээж оюуны өмчийн маргаантай тулгарсан бүтээлийг нураах ажлыг өнөөдөр хийсэн аж.
Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 15.00 цагаас мэдээлэл хийх юм байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалт явагдаж байгаа бөгөөд эхний зарим бүтээл нь ашиглалтад ороход бэлэн болсон. Гагцхүү энэ бүтээлийн тухайд л хариуцлагагүй компанийн хайнга үйлдлээс болж бүтээсэн эзнийг нь ч сошиал орчинд муу муухайгаар цоллуулж байгаа ажээ.