Зайсангийн аманд барилга бариулж буй компаниуд болон Богд ууланд олгогдсон газрын зөвшөөрлийг шалгана гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Богд уулын аманд гэр бүлийн хүмүүсийнхээ хамаарал бүхий компанид газар олгож, давуу эрх үүсгэсэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж, гэрт нь нэгжлэг хийжээ. Улмаар их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байна.
Тэрбээр, өмнө нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төвд тус тус даргаар ажиллаж байсан. Тэгвэл ГЗБГЗЗГ-т даргаар ирснийхээ дараа өөрийн хүү болох Г.Батболдын эзэмшилд байдаг, өөрөө хувь эзэмшдэг “Инэл” компанид газрын зөвшөөрөл олгож, улмаар “Инэл зайсан виллаж”, Чариот Резиденс, Морьтон резиденс зэрэг орон сууцны барилга барьсан юм байна.
Ц.Ганхүү нь МУИС-ийг Барилгын инженер, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр, ШУТИС-ийг Техникийн ухааны магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр, Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын VI трестэд барилгын инженер, ахлах инженер, тус аймгийн Намын хороонд барилгын ажил хариуцсан зааварлагч, Үйлдвэр барилгын тасгийн эрхлэгч зэрэг дандаа барилгатай холбоотой ажил албан тушаал эрхэлж байжээ.
Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын толгойлдог “Хотын фракци”-ийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдэг бөгөөд М.Энхболдыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байх үед буюу 1998 оноос эхлэн 2004 он хүртэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Барилга хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, 1998 оноос эхлэн 2021 оныг хүртэл барилгатай холбоотой газруудад даргын албан тушаал хашиж байсан аж.
- 2016 оноос, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байуулалт, геодези, зураг зүйн газар, Газрын дарга
- 2012-2016 он, “Инэл” ХХК, Зөвлөх
- 2011-2012 он,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Газрын дарга
- 2009-2011 он, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Улаанбаатар хотын ерөнхий инженер, Газрын дарга
- 2004-2008 он, Барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 1997-2004 он, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилга хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах инженер, Барилга хөрөнгө оруулалтын газрын дарга, Хотын ерөнхий инженер
- 1991-1997 он, “Есөн-Од” ХХК, “Хулан-Уул” ХХК, “Есөн-Од” ХХК-ийн Ерөнхий менежер, “Хулан-Уул” ХХК-ийн захирал
- 1983-1990 он, Дундговь аймгийн МАХН-ын хороо, Барилга хариуцсан зааварлагч, Үйлдвэр, барилгын тасгийн эрхлэгч, Үйлдвэр, барилга эдийн засгийн хэлтсийн эрхлэгч
- 1980-1983 он, Дундговь аймгийн Барилга трест, Барилгын инженер, ахлах инженер.