Иргэдийн санал хүсэлтийн дагуу өсвөр насны хүүхэд, залуусыг амиа хорлох, нийгмээс өөрийгөө тусгаарлах буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан “ЭМО” нэртэй фэйсбүүк группын админыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид олж тогтоожээ. Тодруулбал, тус группын админ нь өөрөө насанд хүрээгүй буюу 15 настай М гэх эмэгтэй хүүхэд байсан аж. Цагдаагийнхан түүнтэй уулзаж, дээрх үйлдлийг нь таслан зогсоож группыг нь хаалгасан байна.
Тэрбээр эл хэргийн тухай “Нийгмээс өөрийгөө тусгаарлах зорилготой хүүхдүүд л нэгдэх зорилгоор групп нээсэн. Энэ групппт ойролцоогоор 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч байна. Энэ хүмүүсээс бодит амьдрал дээр хоёр гурвыг нь л танина. Группт тавьдаг зургуудаа ихэнхийг нь интернет сошиалаас олж, цуглуулж авдаг. Дандаа гадаад зургууд байдаг. Харахад үнэмшилтэй л харагдуулах зорилгоор оруулдаг байсан. Зарим хүүхдүүд нь зургийг хараад надад таалагдаж байна гээд шууд туршихыг хүсдэг. Зарим нь зүгээр хараад өнгөрчихдөг болохоор би нэг их юм бодоод байдаггүй. Анхандаа надад зөв юм шиг санагддаг байсан. Яваандаа найзууд болон том хүмүүс буруу гэж хэлдэг байсан болохоор надад одоо буруу гэж санагдаж байна” хэмээн ярьжээ. Иймд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийт эцэг эхчүүддээ анхааруулж байна.