Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж тарвага агнасан дөрвөн иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сум руу тээвэрлэсэн нэг иргэнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчинд учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээлэв.
Тарвага агнахад ашигласан 3 ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахлын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүлсэн байна.
Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байгаа аж.
Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцална хэмээлээ.