ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томуугийн вакциныг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-30

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч,  хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай  байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна. 

Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25  гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө.

Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Тэрбээр Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов

  • Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан  “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,
  • Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт  тавих,
  • Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах,
  • Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.