“Ноёд” группын ерөнхий захирал Г.Буяндорж, түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа нар УЕП-ын өмнө дахин суулт хийж байна. Өмнө нь тэд өнгөрөгч гуравдугаар сарын 03-нд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан ч ковид цар тахлаас шалтгаалан гурван асуудлыг багтаасан шаардлагыг хууль хяналтын байгууллага, тэр дундаа Прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагад хариу өгөх хүртэл өлсгөлөнгөө түр зогсоож буйгаа мэдэгдсэн.
Тодруулбал,
1. 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 7-8 прокурорт ёс зүйн хариуцлага хүлээлгэх
2. Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын баг гаргаж, шалгах
3. Миний компанийг залилсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна хэмээн шаардлагаа хүргүүлсэн ч зургаан сар өнгөрчихөөд байхад Ёсзүйн зөвлөл нь нэг ч удаа хуралдаагүй бөгөөд Үндсэн хуулиар өгсөн эрхээ эдэлж, хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргасан иргэнийг үл тоож байгаа учраас дахин хугацаагүй суулт зарлаж байна хэмээлээ.
Ноёд группын Ерөнхийлөгч Г.Буяндорж хэлэхдээ “Прокурорын байгууллага өнөөдөр ялзарсан байна. Ард түмнээ сонсохоо больсон байна. Шударга бус прокуроруудаа дэмждэг болсон байна. Гуравдугаар сарын 03-ны өдөр бид өргөдөл өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагад иргэн хүн өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Түүнийх нь хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой.
Гэвч зургаан сар өнгөрчихөөд байхад нэр бүхий прокурорт хариуцлага тооцох миний өргөдөлд хариу өгсөнгүй. Эсрэгээрээ тэдгээр прокурорууд нь албан тушаал ахиад авчихлаа. Хонгилын прокуроруудын асуудлыг хэн ч ярьсангүй. Ёсзүйн зөвлөл хуралдаагүй. Намайг өргөдөл өгөхөд Баянзүрх дүүргийн Ерөнхий прокуроор ажиллаж байсан Ц.Батболд УЕП-ын Хэлтсийн дарга болоод албан тушаал ахижээ. Ёсзүйн хариуцлага тэд тооцохгүй юм байна. Тэдэнтэй хариуцлага тооцох цаг болсон. Миний гэр бүл үр хүүхдийг хоморголон шалгаж, 10 жил хонгилоор чирлээ” гэлээ. Зургаан сарын өмнө 24 цагийн хугацаанд өмнө нь өлсгөлөн зарлаж байхад нийт 500 гаруй өргөдөл тэдэнд ирсэн бөгөөд эндээс 100 гаруй яг баримттай хэлмэгдсэн, хохирсон гэр бүлийн асуудлыг дэлгэж тавина гэлээ.
Харин түүний гэргий МУГЖ Т.Ариунаа “Гуравдугаар сард бид суулт хийсэн. Үр дүнг нь чамгүй хугацаанд хүлээлээ. Бид Ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн тухай ярьдаг. Гэтэл миний хань 10 жил яаж хонгилоор чирэгдэж, эрх эрх чөлөөгөө хасуулж, тэвчиж байсныг би эхнэр хүний хувьд харсан. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм. Ганц би ч биш мянга, мянган гэр бүл шударга бус хонгилоор чирэгдэж байгаа” гэв.
Тэгвэл УЕП-ын Хэвлэл мэдээллийн ажилтан тэдэнтэй гарч ирж уулзсан бөгөөд “Таны өгсөн өргөдлийн мөрөөр АТГ-ынхан нэр бүхий прокуроруудыг шалгаж байгаа. Мөн тун удахгүй Хяналтын зөвлөл хуралдана. Танд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн” хэмээн тайлбар өглөө. Харин Г.Буяндорж “Би таван сард өгөөгүй. Гурван сард шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Зургаан сар өнгөрчихөөд байхад та бүхэн хуралдсангүй. Тэгчихээд энд гарч ирж миний хэргийг сануулж. Би хэргийнхээ талаар яриагүй. Зөвхөн намайг хууль бусаар хэлмэгдүүлж, 10 жил дарамталж байгаа прокурор, шүүгч нартаа хариуцлага яагаад тооцохгүй байна вэ” хэмээгээд УЕП-ын удирдлагууд гарч ирж уулзах хүртэл суулт хийнэ гэлээ.