2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан болох юм.
Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна. Нэгдсэн арга хэмжээг 2021 оны 9-р сарын 16-наас 23-ны хооронд зохион байгуулна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгосон.
Зохион байгуулалтын явцад халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах ёстой. Оролцогч иргэд орох гарах урсгалтай, аж ахуйн нэгжүүд ч халдвар хамгааллаа баримталж үйлчилгээгээ үзүүлнэ. Энэ жил гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгнө.
Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулна. Хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэхээр зохион байгууллаа. Түүнчлэн аймгуудаас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцоно.
Орон нутагтаа тэргүүний, сайнд тооцогддог, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнийг оролцуулахыг зорьсон. Аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газар бүртгүүлээд тэндээс шалгарсан бараа бүтээгдэхүүнийг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцуулж, сурталчилгаа танилцуулгаа хийж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байна.