Дөнгөж саяхан буюу энэ сарын 23-ны өдрийн өглөөний 08:04 минутад Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Богд уулын орчимд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн төв нь аймгийн төвөөс урагшаа 116 км-ын зайд гэж бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлт 10 км-ын гүнд болсон байна. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд 3.8 баллын газар хөдлөлт мөн бүртгэгдэж байлаа.
Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна.
Сүүлийн жилүүдийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт 203-1136 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байжээ. Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын дөрвөний өдөр буюу одоогоос 61 жилийн өмнө болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ.