ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Сандагсүрэн: Гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах талаар ажил эхлээгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас мэдээлсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

-Өнөөдөр цэцэрлэгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Хүүхдүүдийн ирц бага байгаа гэсэн үг. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил нийслэлд хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулаад явна.

-Нийслэлийн төсөвт тодотгол хийх үү?

-Наймдугаар сарын байдлаар нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 84 хувьтай хэрэгжиж байна. Хотын дарга төсвийн орлогын тасалдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө. Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийслэлийн үйл ажиллагаа, дотоод төсөв, зардалтай холбоотой асуудлуудад өөрчлөлт хийхээр болж байна. Аравдугаар сарын 7-нд НИТХ хуралдаж, төсөвт тодотгол хийнэ. Одоогоор Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай 2022 оны нийслэлийн төсвийн талаар хэлэлцэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна. Иймэрхүү асуудалтай холбоотойгоор хотын стандартыг хэрхэн тогтоох вэ?

 -Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцүүд үнэхээр хангалтгүй байгаа нь үнэн. Одоо байгаа замууд явган хүнд зориулсан таатай нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод явган хүнд зориулан дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр тусад нь нэгж гарган, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход саадгүй байх, автомашины замтай огтлолцох огтлолцлыг цөөрүүлэх тал дээр бид бүхэн анхааран ажиллаж байгаа.