ОХУ-ын “Роснефть” компаниас шууд бүтээгдэхүүнээ импортлон оруулж ирдэг гэх Мон суль ХХК өчигдрөөс эхлэн шатахууныг ямар нэг хязгаарлалт тогтоохгүйгээр буюу лимитгүй олгож эхэлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч өчигдрөөс эхлэн тус компаний 12 салбарт урт дараалал үүсэж, эмх замбараагүй байдал үүсэн түгжрэл үүсэж эхэлжээ. Жолооч нар зам дээр хонож, шатахуунаа дүүргэхээр очерлоод байгаа аж. Тэгвэл тус компаний зүгээс мэдэгдэл гаргаж, урт дарааллын төгсгөлд байгаа иргэдэд шатахуун хүргэх боломжгүй байгаа хэмээсэн байна.
Тус мэдэгдэлд,
“Монсуль ХХК-ийн бүх салбар ШТС-уудад одоогоор 4-8 км очер дараалал үүсээд байна. Энэхүү урт дараалалд байгаа бүх машинд түгээлт хийх хангалттай нөөц байхгүйг та бүхэн анхаарна уу. Хэрэв та хэт урт дараалалд байгаа бол, дарааллын сүүлээр байгаа иргэдэд шатахуун хүрэлцэхгүйгээр дуусах магадлалтайг анхаараарай. Хэрэв та одоогоор дараалалд орж амжаагүй бол шатахуун танд хүрэлцэхгүйг тус тус анхааруулж байна.
Бид бүхий л нөөц боломж, хүн хүчээ дайчлан 24 цаг ажиллаж байгаа хэдий ч очер дараалал улам нэмэгдсээр байна. Тиймээс та бүхнээс нэмж дугаарлахгүй байхыг хүсэж байна. Энэ мэдэгдэл ямар нэг маркетингийн шинж чанар агуулаагүй тул та бүхэн зөвөөр хүлээж авахыг хүсье. Бид зөвхөн бодит болон болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж байна” хэмээжээ.