Өнөөдөр хоёр талд гарч хагарч бутраад байсан АН-ынхан нэгдэж нийлэх талаар С.Зориг агсаны хөшөөний өмнө мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ үеэр Ардчиллын анхны алтан хараацай нарын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүл энгэртээ зүүсэн байсан баатрын тэмдгээ АН-д шилжүүлж өглөө.
Тэрбээр, “Монголын АН түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой нам. АН Монгол Улсыг зөвлөлтийн колончлолоос салгаж, Монголын ард иргэдийг эрх, эрх чөлөөтэй болгосон нам. Үүгээрээ баатар ч багадахаар тийм их гавьяатай нам. 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монголын ардчиллыг үнэлж хүндэтгэх зорилгоор надад Улсын баатар цолыг олгосон. Гэхдээ Ерөнхийлөгч энэ чамд өгсөн тэмдэг биш. Монголын ардчилалд өгч байгаа, ардчиллын төлөө зүтгэж байсан хүн бүхэнд өгч байгаа, ард түмэнд өгч байгаа тэмдэг бөгөөд чамд төлөөлүүлэн өгч байгаа юм шүү гэж хэлсэн. Би АН-ын гишүүдтэй уулзах бүртээ энгэртээ хүндэтгэн зүүсэн тэмдгээ би гишүүддээ харуулж, "Энэ бол та нарт өгсөн тэмдэг юм шүү" гэж хэлдэг. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигийн утга учир буюу АН-ын гишүүд, дэмжигчдэд, МоАХ-ны зүтгэлтнүүдэд баатар цол олгосон байсныг нь би олон жил төлөөлж зүүлээ. Өнөөдрөөс эзэнд нь өгч байна” хэмээлээ. Э.Бат-Үүл нь УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд "Намайг гүтгэдэг эрх чөлөөний чинь төлөө би үхтлээ тэмцэнэ" хэмээн сонгуулийн уриагаа хийжээ.