Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар вакцины татан авалт болон вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсчээ.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 6.4 сая хүн/тун вакциныг татан аваад байгаа бол АНУ-ын зүгээс нэг сая хүн/тун вакцин тусламжаар өгөх болсон аж. Ингэснээр Монгол Улсын вакцины нөөц хангалттай хэмжээнд бүрджээ. Тийм учраас Эрүүл мэндийн яам гуравдугаар тунгийн вакцинжуулалтын цэгийг иргэдэд ойртуулах үүднээс өрхийн эмнэлэг болон явуулын цэгээр хийж эхэлсэн бол өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр хийх журам гаргасан гэлээ.
Ч.Болортуяа зөвлөх хэлэхдээ “Гуравдугаар тунд хамрагдаж байгаа иргэдийн дархлаа маш сайн тогтож байгаа. Үүнийг ДЭМБ болон Эрүүл мэндийн яам хэлж байна. Тиймээс иргэдийг гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг Монгол Улсын Засгийн газраас иргэддээ уриалж байна” гэсэн юм.