Улаанбаатар хотын иргэд өглөө эртлэн түлшиндээ, үдээс хойш буюу шөнөдөө харин бензиндээ очерлож, нийслэл хотод картын барааны үе ирлээ хэмээн иргэд шүүмжилж буй. Угтаа төрийн буруу бодлогын улмаас хомстол үүсэж байна гэх шүүмжлэл гарч байгаа юм. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалд салбар хариуцсан сайд нар нь мэдээлэл хийж, хомстол огтхон ч үүсээгүй зөвхөн зохион байгуулалтын алдаа гаргасан хэмээлээ. Тэдний үгийг тоймлон хүргэе.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Иргэдэд хүндрэл үүсгэсэн, дахиж алдаа гаргахгүй
-Өнөөдрийн байдлаар 72.4 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ. Барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Бид нөөцөө тогтвортой хэмжээнд хадгалдаг.
Өнгөрсөн оны мөн үед бид 51 мянган тонн шахмал түлшний нөөцтэйгөөр 20-21 хоногийн ачааллыг давж байсан. Үүнтэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор илүү байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний хомсдолд ороогүй. Түлшний цэгийг нэмэхэд хугацаа алдсан.
Энэ ажлыг шуурхай хийж байгаа. 280 цэгийг нэмж 420 болгосон. Цаашид 600 болгоно. “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын цалин урамшууллыг шийдсэн. Картаар түлш олгож ирснийг та бүхэн мэдэж байгаа. Гэвч иргэд энэ асуудлаар маргаан үүсгээд байгаа. Картаа цаг хугацаандаа захиалахыг бид өнгөрөгч долдугаар сараас хойш хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Г.Ёндон: Шатахууны хомсдол үүсээгүй
-Шатахууны хоёр дахь хомсдол үүсээгүй. Нефть импортлогч компаниуд мэдэгдэл гаргасныг харсан байх. Манай яам болон АМГТГ-ын зүгээс ч мэдэгдэл хийсэн байгаа. Улаанбаатар хотод хэвийн хэрэглээний 5 хоногийн нөөц байгаа гэдгийг ярилцсан. Цаашдаа 10-12 хоног гэх мэтээр өсөөд явна. Урд хөршөөс 50 вагон түлш ирэх ёстойгоос найман вагон наашаа явсан.
Үлдсэн нь шингэн түлш ачих, шилжүүлэх хэсэг дээр ачигдаж байна. Өнөөдөр наашаа гарна. Зохиомол хомсдол бий болгохыг оролдсон. Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна.
Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байна. Импортлогч компаниуд аравдугаар сард ОХУ-аас нийт 54,880 тонн АИ-92 автобензин, БНХАУ-аас 12,700 тонн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгч баталгаажуулаад байна.