Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцсэн малчдын төлөөлөл өнөөдөр 1400 км зам туулан ирж, Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн, өргөх бичиг барих талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус станцыг барьснаар Увс аймгийн Өмнөговь сумын 150 малчдын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живэх нөхцөл байдал үүсчээ. Тиймээс нутгийн иргэдээс зөвшөөрөл авахгүй газар нутгийг дээрэмдэж байна гэж тэд үзэж байгаа гэв.
Малчдын төлөөлөл ярихдаа "Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум гээд гурван аймгийн нутаг дамнасан Усан цахилгаан станц баригдах юм гэнэ. Гэтэл малчид биднээс ч зөвшөөрөл авахгүйгээр газар нутгийг маань дээрэмдэх гэж байна. Тиймээс төр улс гэж байдаг бол дуу хоолойгоо хүргэхээр 1500 км зам туулж, нутгийн иргэдээ төлөөлж ирлээ. Бид багийн хурлаараа яриад шийдсэн юм. Усан цахилгаан станц барина гэдгийг өнгөрсөн жилээс сонсож эхэлсэн. Гэхдээ барих талаар иргэдээс санал огт аваагүй. Энэ байдлаараа хэдэн үе дамжсан нутаг усаа хаяад нүүх юм шиг байна. Хаашаа очих юм бэ. Очих газар ч алга.
Бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаа урсгаж байж үлдээсэн нутгийг юу нь мэдэгдэхгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина гэх мэдээлэл авсан. Бид орон нутгаа хамгаалах гэж байгаа юм. Одоо урсаж байгаа голын урсгалыг устгачих юм бол амьдрах боломжгүй болно. Мал аж ахуй ч зогсчих гээд байна. Тал тал руугаа 28 км гэж тооцвол 100 гаруй км газар хамрагдах юм билээ. Би судалгаа хийж үзлээ. Гэтэл тэр орчимд гурван сумын нийлсэн 700-800 айл өрх, 7-8 сая мал байна. Тэр хүмүүсийг хэрхэн амьдар гэж байгаа юм бэ.
Очих газаргүй болж байна. Газар тариалан эрхэлнэ гэх юм, бидэнд тийм ойлголт байхгүй. Газар тариалан байтугай тог цахилгаан ч мэдэх хүн байхгүй. Нэг залгуур ч залгаж чадахгүй. Тийм мэргэжил ч байхгүй. Бэлчээрээс гадна загас жараахай, ан амьтан байгаа шүү дээ. Хэдхэн малчдын асуудал гэж ойлгоод байна. Бид хэд хэдэн удаа яриа өгсөн ч үр дүнд хүрээгүй учраас аргаа бараад энд ирлээ. Бид нааштай мэдээлэл өгтөл энд зогсох болно. Ховор нандин мод ургамал ч устах аюул ирлээ. Энэхүү станцыг хэн барих талаар мэдээлэл алга. Гэхдээ Ховдоос нэр дэвшсэн С.Бямбацогт гэж нөхөр яриад яваад байгаа юм билээ. Хятадууд барина гэж сонсогдсон" гэлээ.