ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангаргаа өргөж, байнгын хороодод хуваарилагдав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдсон Ц.Идэрбат /Хэнтий/, Э.Батшугар /Сонгинохайрхан/ нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Тангараг өргөх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын гишүүд үг хэлсэн юм.

Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн хэлэхдээ “Монгол Улсад мөнгөний сонгууль болдог болсон. Энэ хоёр залууд буруу байхгүй. Танай намаас бор халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдоно. Учир нь та нар сонгуулийн хуулийг өөрчлөх замаар төрийн эрхийг хууль бусаар авдаг болсон. Сонгууль хэрвээ шударга явдаг байсан бол ийм сонголт гарахгүй байсан. Ухуулагч нарыг цалинжуулахаа боль. Энэ чинь сонгогч нарыг хахуульдаж байгаа хэлбэр. Ардчиллыг ингэж булшилж болохгүй” хэмээлээ.

Улмаар, нэрний эхний үсгийн дарааллаар буюу Э.Батшугар, дараа нь Ц.Идэрбат нар Төрийн тугандаа хүндэтгэл үзүүлэн тангараг өргөж, тангарагийн бичигт гарын үсэг зурлаа. Тэд

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглалаа.

Үүний дараа нэр бүхий шинэ гишүүдийг байнгын хороодод хуваарилсан бөгөөд Ц.Идэрбатыг Инноваци цахим бодлогын болон БСШУС-ын Байнгын хорооны гишүүнээр, Э.Батшугарыг мөн дээрх хоёр байнгын хорооны гишүүнээр томилов.