ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Отгонболд: БНСУ хэвийн амьдралдаа шилжлээ, бидэнд ч бас боломж бий

O.Admin
2021-10-22

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын нийт хүн амын 18.9 хувь нь нэмэлт сэргээх тунд хамрагджээ.

Үүнээс Баянзүрх 23 хувь, Баянгол 20, Хан-Уул 26 хувьтай буюу хамгийн өндөр байгаа бол бусад дүүрэг, хороод идэвхгүй байна гэлээ. Тиймээс тус газрын зүгээс явуулын дархлаажуулалтын багийг гаргаж, иргэдийг хамруулж эхэлжээ. Энэ хүрээнд Уул уурхай яам зэрэг яамдууд, ЗХЖШ, Их сургуулиудтай хамтран явуулын баг гарган вакцинжуулж эхэлсэн байна.

Ж.Отгонболд дарга хэлэхдээ “50 хүртэл ажилтантай байгууллагууд хэрвээ шуурхай утас руу залгаж дуудлага өгөх юм бол бид дуудлагаар очиж вакцинжуулалтад хамруулна. Гэтэл зарим иргэд дуудлагаар хийнэ гэхээр манай гурван ажилтанд хийгээд өгчих гэж дууддаг. Тиймээс 50 гэж тоо тавьсан юм шүү. Манай улсад дархлаажуулалтын идэвх бямба ням гарагт буюу амралтын өдрөөр  буурч байна. Гадны улс орнуудад вакцинжуулалт маш идэвхтэй явж байгаа. БНСУ гэхэд нийт хүн амынхаа 56 хувийг нэгдүгээр тунд хамруулсан.

Бүрэн тунд хамрагдсан иргэдийн тоо 26.1, гуравдугаар тунд хамрагдалт мөн наймдугаар сарын 31-нээс эхлэн маш идэвхтэй явж байна. 2021 оны арваннэгдүгээр сараас тус улс хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжих нь ээ. Ковид-19 өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдсан ч маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай. Хоёр тундаа хамрагдаад өвдсөн хүмүүс гурван сарын дараа гуравдугаар тундаа хамрагдаарай гэж зөвлөе. Гэхдээ энэ талаар сайдын тушаал гараагүй байна. Нэг тундаа хамрагдаад өвдсөн бол хоёрдугаар тундаа хамрагдах нь зөв юм. 

Ковид нэг л өдөр алга болж, хэвийн болно гэж байхгүй учраас дасан зохицоод халдвар хамгааллаа баримтлаарай. Залуучууд нэмэлт тундаа сайн хамрагдвал бид эрсдэл багатай даван туулах нь ээ. Өрхийн, дүүргийн эрүүл мэндийн төвүүд үдээс өмнө иргэдэд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Харин 15.00 цагаас эхлэн ковидын үзлэг шинжилгээ, дуудлагаа аваад явдаг. Нийслэлийн хэмжээнд 40 явуулын баг тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Томуугийн вакцинд 2-12 насны хүүхдийн 95 хувь нь хамрагдлаа” гэлээ. Тэгвэл энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшинтэй уулзаж аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж өгөөч хэмээн уулзжээ.

Өөрөөр хэлбэл, вакциндаа хамрагдмаар байгаа ч ажил ихтэй байна, ажлаас чөлөө өгөхгүй байна гэж иргэд санал хүсэлт гаргаж байгаа учраас гуравдугаар тунг аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу явуулын баг очиж хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар болсон талаар ЭМЯ-ны Хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр онцоллоо.