УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь цагдаагийн мөрдлөгөөр тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдлүүлэхээр Нийслэлийн прокурын газарт цагдаагийн байгууллагаас хүсэлт хүргүүлсэн тухай tsahiur.mn сайт мэдээлсэн билээ. Тэгвэл тус сайтын мэдээг эх сурвалжаа болгон мэдээлэл хүргэж байна.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газар энэ сарын 20-нд ирүүлсэн тус хүсэлттэй танилцаад “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол үйлдэж” цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.
Улмаар цагдаагийн байгууллага энэхүү хүсэлтэд үндэслэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь бүр эсвэл түр түдгэлзүүлэх саналаа УИХ-ын Ёсзүйн дэд хороо болон холбогдох байнгын хороонд илгээх бөгөөд гишүүнээс түр түдгэлзүүлсэн тохиолдолд хэргийг шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь бүрмөсөн эгүүлэн татаж ял оноох, гэм буруугүй гэж үзвэл эргээд гишүүнээрээ томилогдох нөхцөл бүрдэх юм. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга мөн хүчингийн гэмт хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээс түр түдгэлзэн шалгуулж, улмаар буруутай нь тогтоогдсон учраас эгүүлэн татаж, нөхөн сонгууль зарлагдаж байлаа.
УИХ-ын гишүүн Ц. Анандбазарт яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн заалт нь:
-2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
/Энэ зүйлийн дугаарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
-12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.