Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 09, 10 дугаар саруудад оройн цагаар ганц нэгээр явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Тиймээс тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж, дээрх хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг саатуулсан байна.
Сэжигтэн этгээд нь 25 настай А гэгч бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэд, хэдэн ноцтой гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч нярай хүүхэдтэй эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн, мөн сарын 3-наас 4-нд шилжих шөнө тус дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт Г гэгчтэй хамтран 15-16 насны гурван хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн, 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмджээ.
Үүнээс гадна Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлджээ. Иргэд та бүхэн шөнө оройн цагаар сонор сэрэмжтэй байж, хаалга үүдээ танихгүй хүнд онгойлгож өгөхөөс зайлсхийх, шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.