Одоогоос хоёр сарын өмнө буюу наймдугаар сарын 25-ны үед хоёр жил гаруй дуншсан “Андлалын хөшөө”-г нураасан тухай мэдээллийг уншигч танд бид бэлтгэн хүргэж байлаа. Тэгвэл энэ хөшөөний суурин дээр хоёрхон сарын хугацаанд өөр нэгэн бүтээл сүндэрлэн боссон нь уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” хөшөө юм.
Энэхүү хөшөөний хандивыг Хэнтий нутгаас гаралтай улстөрчид болох Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс цуглуулсан бөгөөд гүйцэтгэгч тал хэдэн төгрөгөөр босгосон бэ гэдгээ нууцалсан аж. Харин өмнөх “Андлалын хөшөө” нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсны бүтээл байсан бөгөөд гүйцэтгэгч компани нь зураг төслийн дагуу бариагүйгээс хэл ам шүүмжлэлд өртөж, олон нийтийн сүлжээгээр доог тохуу хийх нь хэрээс хэтэрсэн учраас уран бүтээлчийн ар гэрийнхэн оюуны өмчөө ашиглуулахгүй гэсэн шийдвэр гаргаснаар тус бүтээлийг нураахаас өөр аргагүй болсон юм. Мөн улсын төсвөөс 1.9 тэрбумын хөрөнгө оруулалт авсан “Хос санаа” компани нь БОАЖ-ын яамны дансанд мөнгөө буцаан төвлөрүүлж байлаа.
Энэхүү хөшөөг барьж буй уран бүтээлчдийн төлөөлөл ярихдаа “Монголчуудын анд болох найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилгоор барьсан. Эндээс Их Эзэн Чингис хаан найман шарга морио олсон газар учраас морьтны соёлыг шингээж өгнө. Энд гурван гэрэлт бичээс бий. Цусан тангараг буюу Монгол цэргийн тангараг байгаа. Эзэн сан буюу Чингис хааны сан тахилгыг ирэх жил бичнэ. Монгол цэргийн “Эзэн салхи” дууг сэргээж бичнэ” гэлээ.
Харин төслийн менежер Ц.Баасанжав “Батноров сумын нутагт байрлаж буй энэ хөшөөн дотор маш олон төрлийн чулууг асгаж өгсөн. 25 км-ын радиуст байгаа мана, чүнчигноров зэрэг олон зуун чулууг бид уул толгодоор явж нэгбүрчлэн түүж ирээд асгасан. Байгальд угаагдаад ирэх жилээс гоё болох байх аа” хэмээжээ. Хэнтий аймаг бол түүхэн аялал жуулчлал хөгжих ёстой газрын нэг. Тэр ч утгаараа нутгийн уран бүтээлчид, улстөрчид, ард түмний хамтын дэмжлэгээр босож буй энэхүү бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байгаа юм.