ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Магнайсүрэн: Ханшийн зөрүүг олгох ёстой ч төсвийн хувьд боломжгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-29

Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниуд Засгийн газарт хандаж, үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сөхөгдлөө. Энэ асуудалд Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.

С.МАГНАЙСҮРЭН: -Бид цементийн үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлээд байж байтал ковид гарч барилгын материалуудын үнийн өсөлт бий болсон. Энэ онд бүтээн байгуулалтын улирал эхлэхэд л үнийн өсөлт үүсчихсэн байсан. Өнгөрсөн жилийн үнийн индекс 1.08 байсан бол энэ оны хагаст 1.45 болж өссөн. Аравдугаар сарын эхээр судалгаа хийж үзэхэд энэ тоо хэвээрээ байна. Үнийн өсөлт бодитой бий болсон талаар Засгийн газарт хэд хэдэн удаа танилцуулсан. Барилгын тухай хуульд хоёр үндсэн зохицуулалт байдаг.

Нэгдүгээрт, үнийн индекс баталж түүгээрээ магадлал хийх. Хоёрдугаарт, үнийн огцом өсөлтийн үед холбогдох зөрүү санхүүжилтийг манай яам Сангийн яамтай хамтарч тухайн үед нь шийдвэрлэх зохицуулалт. Энэ асуудлаар бид ажилласан боловч төсвийн орлогын хомсдолоос болоод 2021 онд шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөг хүрсэн.