Хоёр хоногийн өмнө Эрүүгийн хуулийн 125.2 буюу хүчингийн хэргээр ял эдэлж байсан этгээд Өршөөлийн хуулиар суллагдаж гадуур байх үедээ өөрийн зургаан настай төрсөн хүү болон дөрвөн настай дагавар охиныг хүчирхийлсэн тухай мэдээлэл сошиал орчинд гарсан билээ. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвөөс албан ёсоор мэдээлэл өглөө.
Дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “2018 онд Өршөөлийн хууль гараагүй. Тухайн этгээд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд суллагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Бага насны хүүхэдтэй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Шүүхээс яагаад хугацаанаас өмнө суллагдсаныг мэдэхгүй.
Анхны авсан ял дээрээ давж заалдсан юм билээ. Давж заалдаад ялын хугацаа нь таван жил болсон юм билээ. Хоригдож байхдаа ажил эрхэлсэн зэргээр ялын хугацаагаа багасгаж, хугацаанаас өмнө суллагдсан юм билээ. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллага энэ хэрэг дээр хамтарч ажиллаж байна. Хүүхдүүдийг хамгаалах байранд хүргэсэн.
Ял шийтгэлээ зохих ёсоор эдлээд гарч ирсэн бол хянах хэцүү. Хуулиараа тийм боломж байхгүй. Хэрвээ тэнсэн харгалзах ялтай бол хяналтад байлгаж болдог. Онц ноцтой хэрэг үйлдсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хяналтад байлгадаг. Ойр дотны болон гэр бүлийн хүмүүс нь хяналт тавих хэрэгтэй” гэлээ.