ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан шалгалт хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас  мэдэгдлээ.

Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж. Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.