Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт хүн амины онц ноцтой хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, тус аймагт байрлах ЕБС-ийн дотуур байрнаас энэ сарын 27-ны өдөр 17 настай О гэгч охин 23 настай Б гэгч найз залуугийнхаа мотоциклд сууж явснаас хойш ор сураггүй алга болжээ.
Улмаар Цагдаагийн байгууллага хяналтын камерт үндэслэн эрэн сурвалжилсны үр дүнд сэжигтэн этгээд болон охины цогцсыг олсон аж. Хэргийн газрын урьдчилсан дүгнэлтээр Б гэгч нь эхлээд өөрийн найз бүсгүй О гэгчийг толгойн тус газарт буудаж хохироогоод дараа нь өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй гэж дүгнэж байгаа ажээ.
Цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэхүү мэдээллийг бид сэрэмжлүүлэг болгон уншигч танд хүргэж байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаад эцэг эхчүүд анхаарал хандуулж байхыг сануулъя. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.