Хоёр, гурван настныг цэцэрлэгт хамруулах эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Учир нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цар тахлын эрсдэлийг тооцож, судалж үзсэний дараа арваннэгдүгээр сараас цэцэрлэгт авах асуудлыг ярилцана гэх мэдээллийг өнгөрөгч сард өгсөн. Гэвч энэ шийдвэр өнөөдрийг хүртэл албажаагүй гэдгийг БШУ-ы Дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ хэлж байсан юм.
Тэрбээр, “Яам дангаар шийдвэр гаргаж чадахгүй байна. УОК болон Эрдэмтдийн зөвлөл хоёр болон гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулбал эрсдэл өндөр байна. Ялангуяа дельта хувилбараар өвчилбөл гэдэсний суулгалт хавтгайрах эрсдэлтэй. Бага насны хүүхдэд ийм шинж тэмдэг дийлэнхэд нь илэрч байгаа юм билээ. Харин цэцэрлэгийн багш нарын тухайд авчихвал болохгүй зүйл алга, нэг ангид хуваарилагдах хүүхдийн тоогоо тооцоод авчихъя гэдэг зүйл ярьж байна. Ялангуяа хувийн цэцэрлэгүүд ийм хүсэлт тавиагүй биш тавьсан.
Тиймээс яам УОК болон Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. Өнөөдрийн байдлаар 84339 хүүхэд халдвар аваад байна. Тэдний 80 орчим хувь нь ахуйн байдлаар буюу гэр бүлийнхнээсээ халдвар авсан байна. Дээр нь багш ажилчид халдвар авч байгаа учраас яамнаас шууд шийдвэр гаргахад хүндрэлтэй байна” гэлээ.
Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх эрсдлийн үнэлгээг байнга хийж байгаа. Есдүгээр сараас хойш эрсдэл буурахгүй байна. Хоёрдугаарт, гуравдугаар тунгийн вакцинжуулалт хангалтгүй байгаа. Түүнчлэн 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах ЭМЯ-ны шийдвэрийг бид хүлээж байна. Ингэснээр халдварын тархалт буурна. Тиймээс эдгээр нөхцөл байдлын улмаас 11 сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газарт танилцуулна. Боловсролын байгууллагад хүүхдийн халдвар цөөнгүй бий" гэлээ.