Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас машиндаа учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд хөл хорио тогтоосон байх үед гарсан.
Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж, С.Болормаа агсны хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгасан байна.
Хэргийг эргэн сануулбал, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон бөгөөд бөөлжсөндөө хахаж амиа алдсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон билээ.
Шүүх хурлын үеэр Прокурор, "Аймгийн Засаг дарга атлаа талийгаач С.Болормаа болон Б.Лхагважаргал нар архи ууж байхад нь таслан зогсоосон бол бол өдийд талийгаач амьд байхаас гадна ийм хэрэг гарахгүй" байсан гэдгийг онцлон хэлж байв. Өөрөөр хэлбэл, талийгаач нь нэлээд эрт тасарсан ч Засаг дарга нь хүн дуудаж өгөөгүй хэмээн буруутгав. Харин В.Рэнцэндоржийн өмгөөлөгчийн зүгээс талийгаач өөрөө архи уух санал гаргасан, тухайн өдөр уулзахгүй гэсэн ч уулзая гэж шахсаар байгаад уулзсан, архи уух санааг талийгаач өөрөө гаргасан гэх мэтээр тайлбар өгсөөр ийнхүү хэргээ хэрэгсэхгүй болгож чадлаа. Гэвч талийгаачийн ар гэрийхний зүгээс давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.