ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Номин: Богд Зонхова төсөлд хөрөнгө зарцуулахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-22

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний санаачилгаар 2019 оноос эхлэн улсын төсөвт суулгасан Богд зонхова бурхан шашны цогцолборт өнөө жил 32 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудал олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Учир нь цар тахлын хүнд хэцүү цаг үед Түлэнхийн төвдөө ч төсөв зарцуулж чадахгүй атлаа хөшөө барихад улсын төсвийг зарцуулж үргүй зардал гаргаж буй нь олон нийтийг бухимдах, эсэргүүцэх шалтгаан болсон юм.

Тэгвэл сошиал орчинд энэ асуудлаас болж багагүй шүүмжлэл сонссон Соёлын сайд Ч.Номин албан ёсоор өөрийн цахим хуудсаараа дамжуулал энэ төслийг цаашаа үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр, "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" хэмээлээ.