"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Өмнөд Африкт байрлах Стандарт банкны салбарт хууль бусаар барьцаалж их хэмжээний мөнгө завшсан гурван удаагийн үйлдлээрээ хэрэгт холбогдон шалгуулж буй "Жаст“-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын гурван шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон билээ.
Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.
Мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.