ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар ханджээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулж, дахин сонгогдохын тулд тойргоо үр ашиггүй төсвөөр авлигадаж байгаа асуудалд тус нам шүүмжлэлтэй хандаж, Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, улс нэг тойрог гэсэн зарчмаар сонгууль явуулах ёстой гэсэн асуудлаар Цэцэд ханджээ.
Т.Доржханд гишүүн хэлэхдээ “Богд Зонхова” хөшөө дурсгалын энэ оны төсөв 32 тэрбум буюу өмнөх жилүүдээс үнийн дүн нь өсчихсөн орж ирлээ. Энэ нь өөрөө нийгмийн анхааралд орж ирлээ. Салбарын сайд нь энэ асуудлыг ярих ёстой. Сайд нар маань Төсвийн тухай хуулиа унших хэрэгтэй байх. УИХ-аар батлагдсан учраас хууль болоод явна. Сайд, гишүүн нь хийхгүй гэж хэлээд нэмэр байхгүй. Ганцхан боломж нь 10 хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавьдаг.
Ерөнхийлөгчид хандаж хоригоо тавиулах ёстой. Зонхова бол зөвхөн нэг тохиолдол. 300 гаруй төсөл арга хэмжээг энэ онд хийж, гүйцэтгэх юм билээ. Төсвийн алдагдал өсөх нь тодорхой болж байна. Алдагдлыг өр үүсгэж санхүүжүүлдэг. Тэгэхээр Монгол Улсын өр зогсохгүй юм байна аа. Ирэх жил өөдрөг төсөөлөл байхгүй шүү дээ. Хил гааль нээгдэх эсэх нь тодорхойгүй байгаа. Гэтэл Улсын төсөв 18 их наяд төгрөгийн зардалтай батлагдсан. Цар тахлын үед бид бүсээ чангалах ёстой байдал үр ашиггүй зардлуудад мөнгө зарж байна. Ийм зүйлийг хэрхэвч тэвчиж болохгүй. Бид 30 жил ямар ч өгөөжгүй, цемент зуурсан ажил хийлээ. Энэ нь ашиглалтад орсны дараа халаалт, дулаан, цахилгаан гээд олон зардлыг төсөвт суулгаж алдагдлыг өсдөг. Үүнийг санхүүжүүлэхийн тулд өр тавьж байна.
Хүүхдүүддээ өв, хадгаламж үлдээе гэтэл төсвөөрөө “Ирээдүйн өв сан”-гаа ашиглана гээд баталчихлаа. Төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлдэг, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болдог, хөшөө дурсгал санхүүжүүлдэг болоод байна. Гэтэл иргэдийн цалин орлого, амьдралын чанар дээшлэх боломжгүй байна. Би гишүүн болчихоод тойргийн төсвөө больё, томоохон төслөө санхүүжүүлье гэж уриалсан. Энэ удаа ч бас уриалсан. Харин энэхүү уриалгыг ажил хэрэг болгох л чухал учраас Цэцэд тойргийн төсөв биш томоохон төслийг санхүүжүүлэх гарц, шийдэл юу юм бэ гэдэг асуудлаар хандсан. Шийдэл ердөө УИХ дээр байгаа. Гишүүд дараа дахин сонгогдохын тулд хөшөө дурсгал барьдаг. Ийм байдлаар цаашаа яваад байвал өрөндөө дарагдаад л байна.
Тиймээс 76 гишүүний тал нь буюу 38 нь улс орны асуудлаа шийддэг байя, тал нь тойрогт анхаардаг шилжилтийн өөрчлөлт хийе гэж байгаа юм. Цаашдаа Монгол Улс нэг тойрог болохын тулд пропорциональ элементийг нээе гэж Цэцэд хандлаа. 2016 оны сонгуулийн өмнө эрх барьж буй нам тоглоомын дүрмээ өөрчилж, Цэцэд захиалга өгч байсан. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд хүчээр баталсан тогтоолыг төслийг хүчингүй болгох шийдвэрийн төслийг санаачилснаар цоож тайлагдана. Үр дүнд нь холимог системийг гаргаж ирье. Парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл орж ирээд олон өнгөөр, олон намын системээр асуудлаа ярьдаг байя. Одоо ганцхан намтай болчихлоо. Нэг дүүргийн 20 хувийн төлөөллөөр л парламентад гишүүн орж ирж байна” гэлээ.