ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өсвөр насны дөрвөн хүүхэд нийлэн нэгнээ зодож, хүнд гэмтээжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-23

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн дөрвөн сурагч бусад сургуулийнхантай нэгдэн нийлэн нэгнийгээ бүлэглэн зодсон талаар хохирогчийн ах хэвлэлд ханджээ. Тэрбээр “Өчигдөр гурван сургуулийн 40 сурагч дүүг минь нийлээд зодчихлоо. Хичээлээ тарах үед нь отож байгаад бүлэглэн зодсон байна. Сургуулиас 100-хан метрийн зайд ийм зодоон болоход сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нь хаана байсан бэ.

40 хүүхдэд зодуулсан хүүхдийн бие ямар байгаа нь тодорхой. Их муу байна. Боолгуулаад ухаан алдчихсан байхад дух руу өшиглөсөн байна. Одоо гавлын яс нь цууралттай, тархинд нь цус хурчихлаа. 40-үүлээ нэг хүүхдийг зодож байхад нэг ч боль гээд хэлчихээгүй, багшдаа хэлээгүйд гайхаж байна. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэлээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. Гомдол мэдээлэл өргөдлөөр ирсэн бөгөөд хэрэгт холбогдсон хүүхдүүдээс мэдүүлэг авч байгаа, 40 биш дөрвөн хүүхэд холбогдсон, хэрвээ өсвөр насны хүүхдүүд нэгнээ хүндээр бэртээвэл хорих, хөнгөн гэмтээсэн тохиолдолд торгох ялтай болсон гэдгийг албаны эх сурвалж бататгав. 

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож гэмтээх төрлийн хэрэг олон гарч буй бөгөөд хэдхэн өдрийн өмнө мөн сошиал сүлжээнд ахлах ангийн нэг хүүг таван эрэгтэй хүүхэд нийлэн зодож буй бичлэг цацагдаж, хэргийг мөн цагдаагийн байгууллага шалгаж байлаа. Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана хэнтэй нөхөрлөж буй, элдэв хэрэг зөрчилд орохоос урьдчилан сэргийлж байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.