Мэдээ, мэдээллийн ergelt.mn сайт нь "Херо энтэртайнмент"-ын Ерөнхий найруулагч Б.Баатартай холбоотой хоёр удаагийн нийтлэл бичсэн бөгөөд эхний удаа дүү Л.Оюун-Эрдэнэтэй нийлж Хэнтийд баригдаж байсан "Андлалын хөшөө"-г бариулсан, тэндээс мөнгө завшсан гэх нийтлэл гаргаж байлаа. Үүний дараа "Херо энтэртайнмент"-ийн зүгээс энэ мэдээлэл ташаа болохыг залруулж мэдэгдэл гаргасан байдаг. Тэгвэл тус сайт дараагийн цуврал нийтлэл буюу "Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг" гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. Тиймээс "Херо энтэртайнмент" энэ асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болсон талаараа мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд,
"Ээлжит гүтгэлгүүдийн бас нэг үргэлжлэл Ergelt.mn сайт дээр “Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг” гэдэг сүржин гарчигтай даржин нийтлэл гарч, сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар тарааж гүтгэлээ.
2020 оны арванхоёрдугаар сард "Хүүхдийн төлөө фонд" ТББ-д олон нийтийн хандив болон үйл ажиллагааны бэлтгэлд холбогдох зардлын гүйлгээг "Херо энтертайнмент"-д хамаатуулахаар, нэр бүхий иргэдийн хувь хүний болон бизнесийн нэр хүндэд гүтгэн халджээ.
Бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой удаа дараачийн эдгээр үйлдлүүдийг хуулийн байгууллагуудаар шалгуулж, хэвлэлийн эрх чөлөөг гажуудуулах замаар мушгин гуйвуулсан гүтгэлгээ удаа дараалан тарааж байгаа улс төрийн зорилготой этгээдүүдтэй тэмцэхээ мэдэгдэж байна.
Энэ тэмцэл маань чөлөөт хэвлэлийн ёсзүйг, захиалгат улс төрийн зорилтот гүтгэлгээс ялгаж зааглахад бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай" хэмээжээ.
Жич: Шилжүүлгийн баримтууд болон, харилцах (харилцах дансанд хүү бодогддоггүй болно) дансны мэдээлэл, хандив шилжүүлэх гэрээг баримт болгон хавсаргав хэмээн доорх зургуудыг хавсаргасныг уншигч танд хүргэе.