"Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Төв аймгийн шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж эрэн сурвалжлагдаж байсан 1, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс эрэн сурвалжлаж байсан 1 хүнийг олж тогтоожээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Улмаар шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас цагийн хязгаар зөрчсан, согтуугаар танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 13 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүлдээ аюул учруулж болзошгүй гурван хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 30 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.