Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байгаа. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.
Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй. Иймд иргэд та бүхэн тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцон, гадаад улс оронд зорчихгүй байхыг зөвлөж байхыг УОК-оос анхаарууллаа.
Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангууллаа. Иргэдийг Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт нэг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлах бөгөөд иргэд зардлаа өөрсдөө гаргах аж. Мөн тусгаарлалтад байх хугацаанд хоёр удаа ПСР шинжилгээ авах юм байна.
Түүнчлэн, тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болно гэлээ.