ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-07

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг долоо хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанар мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээлэлд нээлттэй өглөө. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол өгч байх нь иргэд олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.

Байгаль цаг уур, физик газарзүйн онцлог нөлөөллийн хүчин зүйл нь агаарын бохирдолд тодорхой нөлөөллүүдийг үзүүлж байгаа. Тухайлбал

– Хотын уур амьсгал

– Цаг агаарын параметрүүд

– Инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон

– Агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдал зэргийн ЦУОШГ-аас тогтмол танилцуулах юм.

Мөн агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашины тоо Дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгсэл хамрагдана. 2021 оны 02 дугаар сарын 08 байдлаар Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр тоологдсон ба 2019 онд нийт 568866 тоологдож, өмнөх оноос 53073 буюу 8,5%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг богино, дунд, урт хугацаанд гэж ангилан авч хэрэгжүүлж байгаа.

– Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж суурь онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан.

– Агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тодорхой нөлөөлөл үзүүлж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-"Агаарын бохирдлын талаар мэдээллийг зөвхөн тухайн өдрөөр бус сарын дунджаар тодорхойлдог. Ингэж үзэхэд 2021 оны арваннэгдүгээр сарын агаарын бохирдол 2020 оныхоос өндөр байгаа. Агаарын чанарын мэдээг харвал бохирдол өмнөх оноос 25-40 хувиар их байгаа нь харагдана. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нийт тээврийн хэрэгслүүдийн 15-20 хувь замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн ч агаарын чанар энэ оныхоос сайн байсан байна.

2021 он гарсаар төвийн зургаан дүүрэгт 6,510 өрх шилжиж ирсэн бол түр оршин суугчаар бүртгүүлсэн 20,593 өрх байна. Эдгээр өрх галлагааны улиралд 60,000 тонн түлш хэрэглэнэ. Гал түлж буй өрхийн тоо буурахгүй байгаа бөгөөд Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байгаа" гэв