ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Амгалан: Омикроны тархалтыг хумихын тулд гэрээсээ ажиллах, цахимаар сурахыг зөвлөлөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-09

Шадар сайдын дэргэдэх ажлын албанаас өчигдөр ээлжит лайваа хийж, УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл дамжуулав. Энэ үеэр өвчний нөхцөл байдал, орны хүрэлцээ хангамжаас гадна шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хуваалцав.

Тухайлбал, НЭМГ-ын Орлогч дарга халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сүүлийн 24 цагт 1303 иргэнд ПСР шинжилгээ хийлээ. Тандалтын 33 багийн 124 эмч ажилчид ажилласан. Явуулын амбулаторийн тоо 25 байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 375050 үүнээс 81.158 нь хүүхэд, 5079 жирэмсэн эхчүүд байна. Хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 1725 буюу нийтдээ 32 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс хүүхэд 200 гаруй байна. Нэн хүнд хүний тоо 69. Эмнэлэгт хэвтсэн иргэн бага, гарсан хүний тоо өндөр байгаа” гэлээ.

Тэгвэл УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан “Омикрон хувилбартай холбоотой шинэ мэдээлэл хуваалцахад халдварын тоо өндөр байгаа ч хүндрэх хүний тоо цөөхөн байгаа. Олон улсын хэмжээнд эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа тооцоо, судалгаагаар халдварын тархалтыг хумих саналууд ар араасаа гарч байна.

Тухайлбал, Омикрон хувилбарын тархалтыг хумихын тулд гэрээсээ ажиллах, шинэ жилээр бөөгнөрөл үүсгэхгүй байх, амралтыг нь сунгах, цахимаар сурах хэлбэрийг санал болгож байгаа. Үзвэр үйлчилгээний байгууллагын хүний тоог хязгаарлахыг мөн санал болголоо. Үүнээс гадна гуравдугаар тунгийн дархлаажуулалт нэмэгдвэл омикрон хувилбараас сэргийлнэ гэж зөвлөлөө” хэмээлээ. Иргэд эрүүл мэндээ хамгаалахын тулд шаардлагатай биш бол гадуур явахгүй байснаар гэр бүл, үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаална гэдгийг мөн Эрдэмтдийн зөвлөлөөс онцоллоо.