Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Зэвсэгт хүчний ... дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус ангийн захирагч Д.Гялбуужамцад таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Д.Гялбуужамц нь удаа дараа цэргийн сахилга зөрчиж байсан талаар албаныхан хэлж байжээ. Цэргээс архины мөнгө хувийн дансандаа авч байсан. Ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч байсан баримтууд нь ил гарсан билээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар