Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Тэрбээр, "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван багц, 176 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан. Ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг түгжрэл бууруулахад зарцуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд зарцуулах бол 18 хувийг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, таван хувийг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхэд, Богдхан төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтад зарцуулна.
Гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 957 тэрбум төгрөг төлөвлөж, 223 км авто зам барьж байгуулах юм. Ирэх 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн. 2022-2024 онд нийтдээ 354.8 тэрбум төгрөгөөр зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Энэ бүх бүтээн байгуулалт дуусахад 2024 онд замын түгжрэл 20 орчим хувиар буурсан байх юм.
Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм. Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байгаа. Үүний 16 км-ыг нь 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн хэмээн мэдээллээ.