Төрд байгаа дарга нар намайг энд байгааг мэддэг бол миний тархи, толгой гэж нуль шинэ санаа, бүтээлч сэтгэхүйгээр дүүрэн байна. Тухайлбал, жил бүр уулнаас мод олж ирж Улаанбаатар булшилж байхаар хиймэл мод суулгах саналтай байна. Тэртээ, тэргүй ургаж буй модыг сугалж ирж, ургахгүй байхаар нь сольж лай болж байхаар шинэ жилийн гацуур шиг хиймэл мод тарьчихвал амар.
Зам, дулааны засвар хийж эхлэх үед өнөөх хиймэл модоо ухаж авлаа. Зам засварын ажил дууслаа. Буцаагаад буллаа, боллоо. Тэгээд ч амьд модтой, модгүй манай хот өвөл нь утаа, зун нь өмхий үнэртэхээс хойш, ямар ялгаа байх вэ. Харин тэр хэмнэсэн модоороо модон хэвийн боов хийгээд айл бүр тараах горимын санал гаргаж байна.
Цагаан сар тэмдэглэж буй нэртэй жил бүр хэвийн боов хийж, хаяж, үрж үргүй зардал гаргаж байхаар модон хэвийн боов нэг удаа хийгээд л, арчиж цэвэрлээд жил бүр таваглая. Дугуйн замыг явган хүний зам дээр зурж болдог юм чинь, гүүрэн замаа төмөр замын гарам дээгүүрээ улаанаар зурчихъя.
Мөнгөнд хэмнэлттэйг нь бодоод бүх хөшөө баримлаа хуванцраар хийе. Өшиглөж унагаж байхад ч амар. Байр болгоны булан дээр ийшээ “бие засч болно” гэсэн тэмдэг байрлуулъя. Иргэд гарцаар гардаггүйгээс хойш гарц зурж, хий дэмий цагаан будаг үрмээргүй байна. Замын түгжрэлийг шийдэхийн тулд хотод морь малтай явах журам баталъя. Намар нь цас ороод үхэхээс хойш цэцэг навч тариад яах билээ. Энэ мэт дарга нартаа уламжлах маш олон шинэ санал санаачилга байна.