Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны 3... дүгээр байрны ...тоотод амьдардаг 40-50 насны хоёр хятад иргэн гэртээ байсан бэлэн мөнгөө дээрэмдүүлсэн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн гэдгийг цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж нотолсон бөгөөд урьдчилсан байдлаар 1.2 тэрбум төгрөг бэлнээр гэртээ байлгаж байгаад гэмт этгээдүүдэд дээрэмдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
“Бусдад зодуулж, дээрэмдүүллээ” гэсэн хоёр иргэний гомдол мэдээллийн дагуу өчигдөр Эрүүгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид, шүүх шинжилгээний албаныхан бүрэлдэхүүнээрээ ажиллаж хэргийн газраас хурууны хээ авч, хоёр иргэнээс мэдүүлэг авчээ.
Тэд монгол хэл мэдэхгүйгээс тайлбар мэдүүлгээ бүрэн өгч чадахгүй, мөн мөнгөн дүнгээ зөв хэлж чадахгүй байсан гэх. Тэгвэл цагдаагийн алба хаагчид хурдан шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг олж илрүүлжээ. Тодруулбал, энэ хэргийг Б, Ө нар толгойлон таван залуу хамтдаа үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Сэжигтэн этгээдүүдийг яг одоо мөрдөн байцааж байгаа бөгөөд бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.