Энэ сарын 04-ны өдөр Хэнтий аймаг дахь Мөрөн суманд гэрээсээ дэлгүүр орно гэж хэлээд гарсан охин ор сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Охиныг 20 гаруй автомашинаар 40 гаруй иргд хоёр өдрийн турш эрэн хайсан бөгөөд өчигдөр Улаанбаатар хотод явж байна гэсэн мэдээллийг гурван иргэнээс ирүүлсний дараа тухайн суман дахь эрэн хайх ажиллагааг зогсоож, нийслэл хотод эрэн хайх ажлыг эхлүүлсний үр дүнд өнөөдөр олжээ.
Охин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт айлын хаалга тогшин хонуулахыг гуйсан бөгөөд “Би хөдөөнөөс явж байгаа юм. Манай эгч энд амьдардаг. Би автобусанд утсаа алдчихлаа” хэмээжээ. Харин тухайн айл нялх хүүхэдтэй учраас хонуулах боломжгүйгээ хэлж, цагдаагийн хэлтэст хүргэж өгөхийг санал болгосон ч охин цааргалж гарч явсан байна. Улмаар тухайн иргэн Хэнтий аймаг руу холбогдож мэдээлэл өгснөөр охиныг олж чаджээ. Охин юуны учир гэрээсээ явсан, эсвэл хүч хэрэглэн түүнийг Улаанбаатар хотод авчирсан уу гэдгийг шалгаж байгаа аж.