Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, IV тунгийн дархлаажуулалт эхэллээ. Тодруулбал, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ "Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан. АНУ-д өдөрт нэг сая хүртэл халдвар бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байгаа нь бусад улсуудын жишээгээр батлагдаж байна.
Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах дархлаа өндөр байна.
Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр. Олон улсын судалгаагаар вакцинтай хүмүүс 5,5 өдөр өвдөж байгаа бол вакцингүй хүмүүсийн халдвартай байх хугацаа 7,5 өдөр байна. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол Омикрон хувилбар хүндрэл нас баралт бага тул шинж тэмдгийн эмчилгээг олон улсад хийж байна.
Судалгаагаар IV тунгийн дараах эсрэг биетийн хэмжээ 5 дахин нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Иймд судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдрөөс дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалт эхэлж байна" хэмээлээ.
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой. Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж.