ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаар бохирдуулдаг хүхэр, азот, тоосонцор стандартаас давжээ

O.Admin
2022-01-10

Сошиал орчинд иргэд энэ жил агаарын бохирдол мэдэгдэхүйц ихэссэн, мөн агаарт  гарахад шууд толгой өвдөж, эвгүй үнэр гарах болсон талаар бичих болсон билээ. Хотын дарга ч энэ асуудлыг хөндөж, түлшээ худалдаж авч чадахгүй байгаа айл өрхүүд хог түлэх нь их болсон учраас сайжруулсан түлш үнэгүй олгохоор ярьж байгааг дуулгасан. Тэгвэл энэ талаар албаны хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.

Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.