ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 настай охины ам руу архи цутгасан гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-08

Өнгөрөгч пүрэв гарагт буюу тавдугаар сарын 03-ны өдрийн 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байх “Очир” төвд хэрцгийгээр хөнөөгдсөн 13 настай охины гэрт үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс очжээ. Гэрт орсон даруйдаа согтуу эмэгтэй “Чи муу надтай мэндэлсэнгүй. Заяа муутай болохоороо л чиний охин бусдад хүчиндүүлж үхсэн” хэмээн талийгаач охины аавыг үгээр өдөж, доромжилсон байна.

Хохирогч охины аав Л бусдын явуулгаар ирсэн хүмүүс өөрийг нь зориудаар, хэрэгт унагаах зорилгоор доромжилж буйг мэдээд биеэ барьж чимээгүй суусан байна. Улмаар тэднийд орж ирсэн согтуу эмэгтэй нөхрөө хөөж гаргангуутаа Л-ын үснээс зулгаан дарж, нүүр нүдгүй зодсон байна. Үүний улмаас Л зөөлөн эдийн гэмтэл авч, зүүн гарынх нь шуу хугарч, гэмтжээ.

Уг балмад хэрэг болох үед Л-ын гэрт түүний дүү болон өөр нэг хүн байсан аж. 13 настай бяцхан охиныг нь бүлэглэж, онц хэрцгийгээр, тохуурхан дайжигнаж, ёс бусаар хүчирхийлж, амь насыг нь хохироогоод зогсохгүй, ард үлдсэн аав ээжийг нь ийнхүү доромжилж байгааг хэрхэвч зүгээр орхихгүй хэмээн талийгаач охины эмээ хэлсэн юм. Уг хэргийг сэжигтэн этгээдүүдийн ар гэрийнхэн зохион байгуулсан хэмээн тэд үзэж байгаа аж.

Охины аав хэрэг гарсан орой цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт хандаж гэмтлийн зэргээ тогтоолгосон гэв. Танхайрсан эмэгтэйг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа юм байна.

Гадны нөлөөтэйгөөр архи уулгасан гэх дүгнэлт гарчээ

2018 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх шүүх “13 настай охины хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Агарын эсэргүүцэл”-ийг хянан хэлэлцсэн билээ.

Шүүх бүрэлдэхүүн “Цогцост хийсэн задлан шинжилгээгээр илэрсэн нөхцөл байдлыг Архины хор судлалын үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээр тогтоолгох, хэргийн зүйлчлэлийг нэмэгдүүлэх, хохирогч охины аав сэтгэцийн цочролд орсон эсэхийг СЭМҮТ-өөр тогтоолгох, гэмт хэрэг гарсан “Очир” төвийг хариуцагчаар татах” шийдвэрийг гаргасан юм.

Нийслэлийн давж заалдах шүүхийн шийдвэрийн дагуу талийгаач охинд хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг Архины хор судлалын үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэжлийн шинжээчдээр шинжлүүл­сэн бөгөөд шинжилгээний дүгнэлт өнгөрсөн баасан гарагт гарчээ.

Архины хор судлалын үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд “13 настай хохирогч охин М-ын цусанд 4.3 промилли, ходоодны шингэнд 5.7 промилли этилийн стирт илэрсэн байна.

13 настай, 42 кг жинтэй охин ийм хэмжээний согтолтод хүрэхийн тулд ойролцоогоор хоёр литр архи уух шаардлагатай. Тийм их хэмжээний архийг охин өөрөө уух боломж байхгүй. Архинд хордсон нь үнэн” гэдэг дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, сэжигтэн этгээдүүд хэргийн ул мөрөө баллахын тулд охины ам руу их хэмжээний архийг цутгаж, улмаар үхэлд хүргэсэн гэдэг нь тогтоогдож байна гэдэг дүгнэлт гарсан хэмээн эх сурвалж хэлсэн юм.

Сэжигтэн этгээдүүд охины бэлэг эрхтэн, бөгсний нүх рүү бэлэг эрхтнээ оруулж хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн. 13 настай охин архины цочмог хордлогын улмаас хүзүү хоолойн арьсан доорхи булчингийн цус харвалт, уушгины дэлбэн хоорондын гадаргуунд цэгчилсэн цус харвалт, бага тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, нойр булчирхайн голомтлог цус харвалт зэрэг эмгэгийн улмаас нас барсан гэх задлан шинжилгээний дүгнэлт гарсан байдаг юм.

Мөн сэжигтэн этгээдүүд 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт хохирогч охины хамт ороод тэндээсээ дахин гараагүй нь хяналтын камерын бичлэгээр болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, эзэн холбогдогч нь маш тодорхой хэргийг хуулийн байгууллагууд шийдвэрлэхгүй, зориудаар удаашруулсаар байгаа юм.

Охины аав сэтгэцийн гүн цочролд орсон гэдгийг СЭМҮТ-ийн эмч тогтоожээ

13 настай охиноо бусдад онц хэрцгийгээр хөнөөлгөснөөс хойш охины аавын сэтгэл цочрон давчдаж, сэтгэцийн хувьд эмгэгтэй болж байгаа шинж илэрсэн байна. Энэ дагуу ар гэрийнхэн нь СЭМҮТ-ийн эмчид үзүүлэхэд “Сэтгэц хүнд цочрон давчидсан” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Монголын хууль сахиулах байгууллага тов тодорхой хэргийг шийдэхгүй, зориудаар удаашруулж буйн улмаас уг хэргийг шийдвэрлүүлэхээр удаан хугацаанд хөөцөлдөж буй эцэг эх нь сүүлдээ хохирогч болж байна.

Хохирогч охины аав одоогоор гэртээ байгаа бөгөөд “хэнтэй уулзмааргүй, хэнтэй ч ярьмааргүй байна” гэсэн байна. Давчдан зовж буй түүнд өнгөрсөн пүрэв гарагт болсон халдлага маш хүндээр туссан гэдгийг хохирогч охины эмээ С.Оюунцэцэг хэлсэн юм.

Хууль сахиулах байгууллагынхан уг хэргийг зориудаар удаашруулаад зогсохгүй онц ноцтой, хүн амины гэмт хэргийг хариуцсан прокурор нь “М-ыг согтууруулсны улмаас биеэ хянах чадваргүй байх үед хүчирхийлсэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн зүйлчилсэн байдаг юм. Олон нийтийн анхаарлын төвд байгаа тус хэрэгт нэмэлтээр прокурор томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан хэргийг шүүхэд шилжүүлнэ гэх мэдээлэл байна.