2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлсэн билээ. Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан ажилласнаар энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 100 хувь танхимаар 469 сургууль, 223.406 сурагч, хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478.164 сурагч, 100 хувь цахимаар найман сургууль, 12.152 суралцагч хичээллэсэн байдаг. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байсан талаар холбогдох албаныхан мэдэгдлээ.
Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг
• Танхимаар 64 хувь
• Цахимаар 23 хувь
• Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.
Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ. Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд
• 12-15 нас 78 хувь
• 16-17 нас 85 хувь
• Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тиймээс хоёрдугаар улирлын хичээлийг энэ сарын 14-нөөс эхлэн танхимын сургалтаар эхлүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.