Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид нэг жилийн өмнө хөгжимчнөөр ажилд орсон 19 настай ахлагч залуу өөр дээрээ бензин асган шатааж, амиа хорлохыг завджээ.
Чухам ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийсэн, ангиас нь ямар нэг дарамт байсан эсэхийг Дорноговь аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Хэрэг явдал 10 гаруй хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд залуугийн биеийн байдал маш муу, 90 хувийн түлэгдэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд мөн тус ангид 19 настай нэг байлдагч гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар тамлуулж, хөнжил пүүгээгээ үүрэн гүйж байхдаа ухаан алдан унаж, ухаан орохгүй байсаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Амиа алдсан А гэгч цэрэг нь Орхон аймгаас 2018 онд цэрэг татагдан ирсэн байсныг бид тухайн үед мэдээлж байлаа. Улмаар тус хэрэгт холбогдсон этгээдүүдэд таван жил, заримд нь зургаан сарын хорих ял оноож, дарга нарыг нь ажлаас халж байсан юм.