ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Төмөртөөмөө: 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-24

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

Тэрбээр, "Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийг шалгаруулж, концессийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 2019 онд концессийн гэрээг хүчингүй болголоо.

Өдгөө 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт долоо, нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт есөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих хөрөнгийг баталсан. Эдгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц нэг нь 100 хувьтай байгаа бол дөрөв нь 30-35, 11 нь 10 хувьтай байна" гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган, гуравдугаар сарын 28-ны дотор танилцуулах үүргийг өглөө.