ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Өгөөмөр: Үймээн самуун дэгдээхээр завдсан этгээдүүдийг шалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-06

ТЕГ-аас Улсын онц чухал объектуудыг эзлэн авч, улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан талаар өнөөдөр ТГЕг-аас мэдээллээ. 

Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр ярихдаа "Иргэдийн зохион байгуулж буй жагсаал, цуглааны үеэр зохион байгуулалттайгаар үймээн самуун дэгдээж, хүний эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж эхэллээ. Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан нь тогтоогдсон" гэсэн юм.

Улмаар, тухайн иргэдийн ажлын байр, гэр, тээврийн хэрэгсэлд нь нэгжлэг хийхэд улсын онц чухал объектуудыг зэвсэглэн, хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсгүүд илэрсэн аж. Үзлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илрүүлсэн бөгөөд 861 сум болон тэсэрч, дэлбэрэх зэвсэг олджээ Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттайгаар, хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн алба хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна хэмээлээ. 

Мөн хэргийн холбогдогч бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудаж, хүнд гэмтэл учруулсан гэдгийг ч мэдээллийн үеэр онцолсон юм. Эдгээр иргэдийн дунд хууль бусаар биеэ үнэлэгч авч, нэр бүхий шүүгчидтэй архидан согтуурч, лифтэнд зүй бусаар авирлаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг байсан учраас түүнийг мөн саатуулах арга хэмжээ авчээ.

Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр галт зэвсэг ашиглан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх санаа зорилготой бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй хэмээн анхааруулга өглөө.