Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12.253.379.260 төгрөгийг гаргуулан Хөгжлийн банкинд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.