ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ФОТО СУРВАЛЖИЛГА: Сэтгүүлчийн ёсзүйн асуудалтай холбоотой 500 гаруй гомдол иржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-03

Монголын сайтын холбоо, МСНЭ хамтран зохион байгуулж буй “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулганы үдээс хойшхи хэлэлцүүлгүүд эхэллээ. Үдээс хойшхи хэлэлцүүлгээр Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын асуудал, Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, Цахим орчин дахь оюуны өмчийн асуудал зэрэг сэдвийг хөндөж байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар ЦЕГ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цахим салбар дахь гэмт хэргийн сурталчилгаа, нөлөөллийн сэдвээр илтгэл тавьсан юм. Тодруулбал, “Сэтгүүлчийн ёсзүйн код-Гэмт хэргийг мэдээлэх нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа илтгэл тавилаа.

Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн зөвлөлд сүүлийн долоон жилд сэтгүүлч ёсзүйн алдаа гаргасан гэх гомдол 500 гаруйг хүлээн авсан. Жилд 100 орчим ирдэг. Үүний 3/1 нь ялгаварлан гадуурхалт, хувийн амьдрал, гүтгэн доромжилсон агуулгатай байсан. Гэмт хэргийг бид мэдээлэх ёстой гэдэг, эсвэл ийм хэргийн хохирогч болоод сэтгэл санаа нь илааршиж буй хүнд яаж нөлөөлөх вэ гэдгээ бодох ёстой.  

Хоёр тамирчин залуу нэгнээ хөнөөсөн гэх хэргийн дараа ХМЗ-д гомдол орж ирсэн. Гэтэл бусдын амь насаа алдсан уг хэрэгт сэтгүүлчид хувийн мэдээллийг нээлттэй байршуулсан, хэрэг болсон хаяг байршил, ул мөрийг зургаар харуулсан гэх гомдол гаргаж, энэ гомдол үндэслэлтэй гэж үзсэн. Сэтгүүлзүйд чанар ирж байгаа. Редакц ажилчдаа цалинжуулах, татвар нийгмийн даатгалаа төлөх зэргээр амьдрах хэрэгтэй. Орлогын олон янз байдлыг дэмжих боломж харамсалтай нь манайд гарч ирсэнгүй. Хараат бус мэргэжлийн редакцийг дэмжих асуудлыг дэлхий нийт гаргаж ирлээ.

Та нар хичээгээд ёсзүйтэй мэдээлэл бэлтгэ гээд хаячихвал хэдэн редакц тунаж үлдэх вэ. Хэдэн жилийн өмнө 70-80 хувь нь эзний хамааралтай байсан. Одоо энэ байдал буурсан. Бие даасан редакциуд маш их гарч ирлээ. Эрхзүйн хязгаарлалтаас улбаалсан цензур Монгол Улсыг хараат, хагас эрх чөлөөтэй гэж ойлгуулж байгаа” хэмээлээ.

Чуулганы фото сурвалжилгыг уншигч танд хүргэе.