ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг АТГ-т шалгуулна

O.Admin
2022-05-31

Өнгөрөгч 2017-2022 оны  хооронд МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нар болон тэдгээрийн шууд удирдлагад нь ажиллаж байсан зарим Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Удирдах хорооны гишүүд бүхий этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж,  олон нийтийн итгэл, дэмжлэгийг алдаж, байгууллагын өмч хөрөнгийг үрэн таран хийж, санхүүгийн ноцтой зөрчлүүдийг гаргаж, дүрмийн бус үйл ажиллагаануудыг явуулж иржээ.

Энэ хугацаанд нийт “Амбага Овоо Констракшн” ХХК-д газрын асуудлаар 2,302,827,132 төгрөгийн шүүхийн нэхэмжлэлтэй, “Болд Шим” ХХК-д “Андын гэрэгэ” хэвлүүлсэн зардалд 243,382,459 төгрөгийн шүүхийн шийдвэрийн өртэй, 284,808,115.23 төгрөгийн татварын өртэй, 107,541,517.95 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй,  шүүхийн 10 гаруй асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд бусад олон төрлийн өр төлбөрүүдтэй байгаа аж. Эдгээр өр төлбөрүүдийг нийлбэр дүнгээр нь авч үзвэл 3 тэрбум 257 сая 902 мянга 31 төгрөг байгаа юм байна.

Тиймээс өнөөдөр Монголын Залуучуудын холбооны Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооноос дээрх өр төлбөрийг үүсгэж, холбооны үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдалд хүргэсэн, МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг АТГ-т шалгаруулахаар гомдол гаргажээ. 

А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарын 2017 оноос 2022 оны 02 дугаар сарын хооронд үүсгэсэн гэгдэх 3 тэрбум 257 сая 902 мянга 31 төгрөгийг  дэлгэрэнгүй танилцуулвал.

  1. О.Гэрэлт-Од нь 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээг “Амбага Овоо Конштракшн” ХХК-тай байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МЗХ-ны төв байрны зүүн талд орших холбооны эзэмшлийн 600м.кв 16 давхар бүхий конторын барилгыг 24.2 тэрбум төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас хэт өндөр төсөвтэйгээр бариулах хувийн ашиг сонирхол шингэсэн асуудлыг эхлүүлсэн. Улмаар “Амбага Овоо Конштракшн” ХХК нь 2.302,827,132 төгрөгийн төлбөрийг МЗХ-ноос нэхэмжлэн шүүхэд хандсан асуудал;
  2. “Болд Шим” ХХК-д 150.000 ширхэг “Андын гэрэгэ” хэвлүүлсэн зардалд 243,382,459 төгрөгийн шүүхийн шийдвэрийн өртэй болсон асуудал;
  3. 2021 оны жилийн эцсийн Төрийн санд /И-Бланс/ илгээсэн тайланд манай байгууллага кассандаа 1.698.336.600 төгрөгийн үлдэгдэлтэй буюу бэлэн мөнгөтэй гэж тайлагнасан асуудал;
  4. Дараах иргэдээр цалингийн зээл авхуулж мөнгийг нь хэрэглэсэн асуудлыг тодруулах. Үүнд: Н.Хулганаагаас 6,771,473 төгрөг,
    Б.Лхагва-Эрдэнээс 4,427,109 төгрөг, н.Төмөр-Очироос 5,222,751 төгрөг болон н.Эрдэнэтулгаас 18,6 сая төгрөг тус тус авч холбооны удирдлагууд нь хувьдаа хэрэглэсэн асуудал;
  5. “Космос Тек Монгол” ХХК-аас 9 ширхэг хүчил төрөгчийн аппаратны үнэд 13,5 сая төгрөгийн өр үүсгэсэн асуудал;  
  6. 2021 оны 12 сард Б.Сэргэлэнбаатар, Б.Бэлгүтэй нарын залуучууд
    МЗХ-ны нэрийг барьж “Хаан Зоос” ХХК-аар холбооны нэрэмжит шагнал болох “Тэргүүний залуу” болон “Хөдөлмөрийн алдар” шагналуудыг хийлгүүлсний 14,900,000 төргөгийн НӨАТ нь холбоонд шивэгдсэн ч зарцуулалт нь тодорхойгүй байгаа асуудал;
  7. Залуучуудын байгууллагын 100 жилийн ойд зориулан захиалж хийлгэсэн 8600 ширхэг ойн медалийн 2021 оны 8 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарын 01-ний өдрийн хооронд  дахь зарцуулалтын тайлан огт байхгүй. Уг медалийг зарж борлуулаад олсон нийт орлого холбооны албан дансаар огт орж ирээгүй байгаа асуудал;
  8. 2022 оны 03 дугаар сард холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь  30,000,000 төгрөгийн үнэ бүхий 4000 медалийг хүлээн авч, зарж борлуулж байгаа ч зарцуулалт холбооны албан дансанд бүртгэгдэхгүй байгаа зэрэг олон асуудал байгаа аж.

Ийнхүү Монголын Залуучуудын холбоонд үүссэн дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй олон асуудлуудыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тодорхой болгуулахаар Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хороо тууштай ажиллахаа зарлалаа.